Thursday, November 15, 2012

Угаасан хувцас яагаад агшдаг юм бол

Хүйтэн усанд угаасан хувцас агшдаг болов уу?
Халуун усанд илүү их агшдаг уу?
Хувцасыг хэдэн удаа угаахад будаг нь гарч дуусдаг юм бол?

Ноосон эдлэл, хувцсыг норгоход ус чийг нь зөвхөн уртыг нь биш мөн эзлэхүүнийг ч өөрчилдөг. Ээрээгүй олс, жинсэн эдлэлийг сунахад тэсвэртэй болгохын тулд утаслагт нь олс, өөрөөр хэлбэл нэгэн төрлийн нэхээсийг хийсэн байдаг.

Даавуу нороход доторх ноосон утаслаг нь тэлнэ. Ингэж тэлэх үедээ олсны хоорондох зайнд нөлөөлж багасахад хүргэдэг. Үнэндээ даавуу нороход утаслаг нь тэлсэн учраас бага зэрэг уртсах ёстой боловч олсны хоорондох деформацийн татах хүч илүү их учраас даавуу хэмжээнээсээ илүү багасдаг.

Даавууг угаасны дараа хатахад тэлсэн утаслагууд хэвэндээ орно. Гэвч даавуу урьдынхаа хэлбэрт орохгүй үлдэх нь цөөнгүй. Ус, өндөр температур, үрэлт нухалт, саван бүгд нийлээд утаслагт нөлөөлөн агшихад хүргэдэг. Даавуун эдлэлийг хэдэн удаа угаасны дараа тогтсон хэмжээнд хүрэх бөгөөд цаашид хэчнээн угаасан ч ахин агшдаггүй.

Эдлэл агших нь хэмжээ, бүрэлдэхүүн, хэрэглэсэн байдал, атираас, хэр их удсан зэргээс шалтгаална. Заримдаа эдлэлийг хувцас болгон оёхоос өмнө тусгай агших туршилтыг хийж өгдөг. Ийм нөхцөлд хувцас зууны нэг хувь агшдаг.

Авсан жинсэн өмдөө итгэлтэй өмсөхийн тулд шуумгийг нь тайрахаас өмнө савантай усанд хүчтэй нухаж угаагаад, дараа нь хүйтэн усанд хэсэг байлган, угаалгын машинд хатааж, энэ үйлдлээ хэд хэдэн удаа давтах хэрэгтэй. Ингэж угаасан хувцас агшиж хэлбэрээ өөрчлөхгүй

Автомашинаа та өвлийн улиралд хэрхэн арчлах вэ

Автомашиныг хэрэглээ болгосноор дөрвөн дугуйтгүй айл өрх өдгөө үгүй болжээ. Та өвлийн хүйтэнд автомашиндаа хэрхэн анхаарал тавьж байна. Гадаа хүйтэнд авто машиныг саадгүй асдаг болгохын тулд багагүй анхаарал шаардагддаг юм.

Үүний тулд та доорх асуудлуудыг шийдчихвэл автомашинд тань асуудал тулгарахгүй.

-Юуны өмнө улирлын үйлчилгээ болох хөдөлгүүрийнхээ тосыг өвлийн тос, синтетик тосоор солиорой. Энэ төрлийн тос нь +50°С-аас -40°С-д хөдөлгүүрийг саадгүй ажиллуулахаас гадна эдэлгээг уртасгаж өгдөг юм.

-Тос солихтой хамт чанар сайтай тосны шүүр шинээр тавьсан байх шаардлагатай. Энэ нь хүйтний улиралд тосны шүүрээр тос гоожих, цацагдах, хөлрөх үзэгдлээс хамгаална. Тосны төвшин тогтмол байна гэсэн үг. Хэмжээнээсээ бага тостой явснаар хөдөлгүүр эвдэрдэг байна.

-Хөдөлгүүрийн цилиндрийн битүүмжлэлийг сайтар шалгаарай. Битүүмжлэл муутай автомашин нь хүйтэнд байтугай дулаан нөхцөлд ч асахгүй.

-Бензин хөдөлгүүртэй машинд очлуур буюу свечаны ажиллагаа хэвийн эсэхийг шалга.

-Харин дизель хөдөлгүүртэй авто машины хувьд хугацааны реле, халаагчийн ажиллагаа хэвийн байх шаардлагатай. Ажиллагаагүй болсон буюу дутуу ажилладаг халаагчтай автомашин хүйтний улиралд асах нь бараг үгүй.

-Машинаа асаагаад яаран замд гарахаа түр азна. Усны температурын заалт өстөл 3-5 минут автомашинаа асаалттай нь зогсоогоорой. Энэ нь хөдөлгүүрийн болон каробкийн ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлэхгүй бөгөөд эдэлгээний хугацааг
уртасгадаг.

-Автомашинаа гадаа хүйтэнд олон цагаар зогсоодог жолооч та бүхэн боломжтой бол 1-2 цаг тутамд автомашинаа 2-3 минут асааж байвал машиныхаа эдэлгээг уртасгахаас гадна цаг хугацаагаа хэмнэж байна гэсэн үг шүү. Техник бол мөнхийн эд биш, эвдрэх саатах үе бишгүй л гарна. Миний автомашин сайн, бүх үйлчилгээгээ хийлгэсэн гээд гадаа зогсоолд хонуулаад олон цагаар сойж байхаас зайлсхийх хэрэгтэй шүү.

Машины хаалганы түгжээ хөлдсөн бол
Өвлийн цагт, ялангуяа цас орсон үед машины хаалганы түгжээ хөлдөөд онгойлгоход хэцүү болох тохиолдол байдаг. Ийм үед доорх аргуудыг туршаад үзээрэй.

•Түгжээ гэсгээгч хэрэглэх. Манайх шиг эрс тэрс уур амьсгалтай хүйтэн оронд түгжээ гэсгээгчтэй болчиход хэрэг болохгүй гэх газаргүй. Үүгээр машины хаалга, байр байшин гээд хөлдсөн бүх л түгжээг онгойлгодог байна.

•Вазелин. Түлхүүрэндээ вазелин түрхээд түгжээ руугаа хийн онгойлгох гэж оролдох хэрэгтэй. Болохгүй бол дахин вазелин түрх,

•Түлхүүрээ халаах. Гэсгээгч байхгүй бол түлхүүрээ асаагуурын галаар халаагаад түгжээ руугаа хийн гэсгээж болно. Гэхдээ энэ үйлдлийг нэлээд хэдэн удаа давтах шаардлагатай.

•Үсний сэнс. Цахилгааны уртасгагч энэ тэр гээд энэ арга магадгүй нэлээн тевөгтэй ч байж болох юм. Гэхдээ халуун сэнсээр үлээлгээд ямар ч хөлдсөн түгжээг амархан гэсгээж чадна.

Ажил хэрэгч хүний ярихгүй сэдэв

Ажил хэрэгч хүмүүс заримдаа бие биедээ маш бүдүүлэг тэнэг асуулт тавих нь бий. Жишээ нь “Чиний сарын орлого ер нь хэдэн төгрөг вэ?“ гэх мэт. Ийм хүмүүст уурлаж дургүйцэх юм уу, биеэ хэрхэн авч явах талаар заах нь цагийн гарз. Тиймээс сонсоогүй юм шиг л ажлаа хийх хэрэгтэй.

Гэтэл өнөөх этгээд дахин дахин давтаад асуугаад байвал нүд рүү нь нэлээд удаан ширтэж байгаад “Би хариулмааргүй байна" гэж хэлэхэд л болно.

Чиний найзын эзгүйд найзыг чинь муулах юм бол “Наад яриа чинь худлаа" гээд шууд таслаарай. Ажлын газрын хэн нэг нь жирэмслэх, гоо сайхны мэс засал хийлгэх, турах юмуу таргалах юм бол “Чи их сайхан харагдаж байна” гэхээс өөр ямар ч үг хэлж болохгүй.

Хэрэв чи эмэгтэй хүн байгаад ажлын газрын эрчүүд чамтай шалиг тоглоом наадам хийх юм бол огт сонирхохгүй байгаагаа харуулж шууд холдож явах хэрэгтэй.

Харин хүнийг нас, хүйс, үндэс угсаа, эсвэл сүсэг бишрэл, үзэл бодлоор нь доромжлох юм бол шууд маш хатуугаар таслан зогсоовол таарна.

Ер нь муу мэдээ, шалиг тоглоом наадам зэргийг дажгүй сонсоод байвал тун удахгүй хэн ч хүндэлдэггүй нэгэн болох аюултай. Ажил хэрэгч хүмүүс доорхи сэдвүүдээр хэзээ ч тэр тусмаа ажил дээрээ яриа өрнүүлж огт болохгүй. Үүнд:
-Осол сүйрлийн тухай муу мэдээ
-Шашны тухай яриа
-Улс төрийн туйлшрал
-Өөрийн эрүүл мэнд
-Өөрийн ажил албаны өсөлт ба уруудалт

Ажил хэрэгч хүн доорхи асуултуудыг бусдад тавьж болохгүй. Үүнд:
-30 гарсан хүнээс нас асууж болохгүй
-Хүний тарган туранхайг ярьж болохгүй
-Гоо сайхны мэс засал
-Жирэмсэлсэн тухай яриа
-Хүүхэд гаргадаггүй тухай
-Шүүхийн тухай
-Салалтын тухай
-Бэлгийн амьдралын тухай

Ирээдүйн саятан ажил хэрэгч эр та ямар сэдвээр ярьж болохгүй тухай сайн мэддэг боллоо. Харин одоо ямар сэдвээр аль болох их ярих ёстойг толилуулъя. Үүнд:
-Үзсэн шинэ кино
-Спорт
-Аж үйлдвэрийн шинэ ололт
-Албан тушаал ахисан, гэрлэж байгаа, эсвэл хүүхэдтэй болж байгаа нөхдийнхөө тухай
-Гэмт хэргийн эсрэг арга хэмжээг дэмжсэн тухай яриа
-Шинэ жүжиг юм уу үзэсгэлэн
-Монгол Улсад ирж байгаа нэртэй хүмүүсийн тухай гэх мэт.

С витамин илүүдвэл шүд хөхөрнө

Витамин бол амин дэм. Гэтэл бидний дунд амин дэм бол амьдралыг тэтгэгч гэж ойлгодог хүн олон бий. Өөрөөр хэлбэл, элдэв янзын витамин, өөрт сайн гэж сонссон дуулсан бүхнээ хоол шиг идэж хэрэглэдэг хүн цөөнгүй гэсэн үг.

Тэгвэл эмийн замбараагүй хэрэглээ нь эргээд өвчин үүсгэх эх үүсвэр болдог гэдгийг эмч, мэргэжилтнүүд хэлж байна. Тиймээс бид “Бэст линда” эмийн сангийн эм зүйч Э.Оюунбадамаас витаминыг хэрхэн яаж хэрэглэх тухай дараах зөвлөгөөг авлаа.

Витамин дутагдах үед эрч хүч суларна. Гэхдээ...
Витамин нь хүний биед зайлшгүй агуулагдаж байх ёстой амин дэм. Үүнийг хэрэгцээт үед нь авч чадаагүйгээс биед өөрчлөлт орж өвдөж эхэлдэг. Энэ үед бидний олонхи нь эмийн хэлбэрт оруулсан амин дэмийг хэрэглэх шаардлагатай болдог.

Витамин дутагдвал биед агуулагдах ёстой эрдэс бодис үгүй болж өвдөнө. Царай дарна гэх мэт биед олон сөрөг нөлөө үүсдэг. Витамины дутагдлаас үүдсэн гаж нөлөө хөлсөөр гадагшлах тохиолдол байдаг бөгөөд энэ үед байнга ядарч сульддаг. Иймд витамин нь хүний биед зайлшгүй байх ёстой зүйл юм. Харин үүнийг эмчийн заавар зөвлөгөөгөөр хэрэглэх хэрэгтэй.

Витамин жимс ногооноос авдаг шим тэжээлийг хэзээ ч гүйцэхгүй
Монголчууд витаминыг гол төлөв хаврын цагт хэрэглэдэг. Гэхдээ заавал хавар хэрэглэнэ гэсэн ном байдаггүй. Хүний биед витамин хэзээ хэрэгтэй байна, тэр үед хэрэглэх нь чухал.

Тэгэхээр жилийн дөрвөн улирлын аль ч үед хэрэглэж болно. Хавар хэрэглэх гээд байдгийн учир нь өвөл өдөр богино, шөнө нь урт тул хүмүүсийн унтаж амрах цаг их байдаг. Харин хаврын өдөр уртасч өвлийнх шигээ хангалттай амралтыг авч чаддаггүй. Ингэснээр дархлал суларч, витамин хэрэглэх шаардлага улам нэмэгддэг. Яг энэ үед л хэрэгцээтэй витаминаа авч чадах юм бол хүн эрүүл амьдарна.

Гэхдээ хүмүүсийн нэг буруу ойлголт нь витаминыг ганц эмийн хэлбэрээр авах гээд байдаг. Хоол хүнсээр авч байвал хамгийн сайн. Эмийн хэлбэрээр бэлтгэсэн витамин хэдий сайн, байгалийн гаралтай байсан ч хоол, жимс ногооноос авдаг шиг 100 хувь биед эерэг нөлөө үзүүлж чадахгүй. Хоол хүнсээрээ авч чадвал санхүүгийн хувьд ч хэмнэлттэй.

Витамин ч гэсэн эм
Хүмүүс витамины дутагдал гэж ярихаас витамины илүүдлийн талаар мэдээлэлгүй байдаг. Тэгвэл витамины илүүдэл гэж байдаг бөгөөд дутагдсанаасаа илүү аюултай. Хэдий витамин ч гэсэн химийн элемент, эмийн бодис. Нөгөөтэйгүүр, витамин бүр өөрийн гэсэн гаж нөлөөтэй, илрэх шинж тэмдэг нь өөр байдаг.

Жшиээлбэл витамин С илүүдсэн тохиолдолд шүд хөхрөнө, турна. Ганц витамин биш ямар ч эмийг зөв хэрэглэсэн тохиолдолд эм, буруу хэрэглэвэл хор болдог.

Антибиотик их хэрэглэвэл уушгинд мөөгөнцөр үүсдэг шиг С витамины илүүдлээс болж бөөрөнд чулуу үүсдэг. Гэхдаэ антибиотикийн буруу хэрэглээнээс үүдсэн гаж нөлөө богино хугацаанд илэрдэг бол витамины илүүдлийн шинж тэмдэг тийм амархан илрэхгүй.

Витамин нь антибиотикийг бодвол хүч багатай учраас удаан хугацаанд чихэр идэж байгаа шиг хэрэглэвэл өвчин үүсгэж ч болно. Тиймээс витамин, антибиотикийн аль алиныг нь эмчийн заавраар хэрэглэх хэрэгтэй.

Угаагаагүй үсэнд будаг сайн ордог

Үс будах нь өөрөө их онцлогтой. Тухайлбал үсээ будуулахаасаа өмнө нэг хоёр хоног угаагүй байвал үсэнд будаг сайн орно. Учир нь будаг сайн орохоос гадна будаг нь ямар ч тос, хир буртагийг нэвтэлж орох чадвартай байдаг.

Мөн үсээ будуулсны дараа хоёр хоног угаах ёсгүй. Харин угаасны дараа хоёр гурав хоносон байхад нь будахад будагнууд нь шууд шууд нэвчиж ордог.

-Өдөр бүр үсээ угаавал хлор ихтэй ус будгийг эрт арилгадаг.
-Үсээ сэнсдэх тохиолдолд хүйтнээр нь үлээлгэх хэрэгтэй. Халуунаар хааяа л нэг үлээлгэж болно. Үсний индүүг хэрэглэхдээ үсээ хатаагүй, нойтон байхад нь индүүдэж огт болохгүй.
-Хэрэв та өдөр бүр үсээ угаадаг бол өдөр тутмын зөөлөн шампунийг тохируулан хэрэглээрэй.
-Шампунь тохирохгүй бол солиорой. Шампуниар угаасны дараа ангижруулагч массажны тос хэрэглэнэ.
-Байнгын тэжээлийн тос түрхэж чадахгүй бол өдөр бүр үсээ угаасны дараа ангижруулагч хэрэглээд байвал үс тухайн хэмжээний тэжээл ус чийгийг аваад тэнцвэржээд байна гэсэн үг.
-Тэжээлийн тосыг түрхэж амжихгүй бол үсээ угаасны дараа ядаж тэжээлийн тосоороо зайлчих хэрэгтэй.
-Үсийг зөв арчлах нь хамгийн чухал. Юуны өмнө үсэндээ тохирсон шампунийг сонгож бай.

Дээрэм

Банк дээрмийн халдлагад өртжээ. Тооллого хийж үзтэл хорин сая төгрөг дутаж байв. Тэгсэн банкны захирал нь сонины сурвалжлагч нарт хандаж:
-”Манай банкнаас 30 саяыг дээрэмджээ” гээд биччихээрэй. Ядаж тэр дээрэм хийсэн новшийг гэртээ ирэхэд эхнэр нь "10 саяыг нь хэндээ өгөөд ирсэн" гээд хэрүүл хийж, амар заяаг нь үзүүлэхгүй байж байг л дээ...

Малгай

-Эхнээр чиний наад малгай надад нэг л таалагдахгүй юм.
-Одоо яахав дээ, чамд таалагдах гэж толгой дээрээ архи өрөөд явж байлтай нь биш.

Сэрүүлэг

Танд баяр хүргэе. Та анх удаа ажилдаа хоцролгүй ирлээ.
-Би тоть худалдаж авсан…
-Би танд сэрүүлэгтэй цаг худалдаж авахыг зөвлөсөн биз дээ.
-Тийм ээ, тэрэнд чинь би сэрэхгүй байгаа юм. Харин тэр цагаа тотьныхоо торны дэргэд тавихаар сэрээд байгаа юм…
-Юу гэсэн үг вэ?
-Сэрүүлэг дуугарахаар тоть маань сэрээд хүн сэрэхгүй байхын аргагүй үг хэлдэг юм.

Ам /Шог өгүүллэг/

Ам /Шог өгүүллэг/
Арван удаа Их Хурлын гишүүн болж чадсан надтай дүйцэх супер худалчыг та нар олох уу? Манай гариг дээр л лав байхгүй. Завсарлагагүй арван удаа... Бөхөөр бол "босоо" бөх юмуу даа?... Бат-Эрдэнэ, Баянмөнх аваргууд булчин шөрмөсөөрөө аварга болсон бол би гагцхүү "ам"-аараа л аварга болсон байгаа юм... Хүүхэд байхад минь "Дарваан" гэж дууддаг байсан энэ даравгар амны буян ихтэйг ээ... Амныхаа хэмжээгээр яйжигнана шүү дээ.

"Хүндэт сонгогчид оо. Асуух асуулт байна уу? "Асуух самбар. Нет" гэдэг шиг асуусан асуулт болгонд чинь шударга үнэнээр хариулъя. Та нар намайг монгол хэлний амьд толь гэж бод... Юу гэнээ та? Худлаа битгий хэл гэнээ... Худлаа хэлэхийг молигодох гэж бас хэлж болно. Монгол хэл чинь маш баян хэл шүү дээ. "Энэ нөхөр сайхан залж байна даа" гэж Я. Цэвэл гуай өгүүлбэрээр жишээ татаад тайлбарласан байдаг. Лувсанвандан гуай "тууж өгч байна" гэсэн байна. Эрдэмтэн зохиолч Б. Ринчин " адуучин шиг исгэрэх" гэж зохиолдоо бичжээ. Лодойдамба болохоор "салхи татуулах" гэж сайхан хэлжээ. Г.Аким "Өвөрмөц хэллэг"-ийн номондоо " болжмор жиргэнэ" гэж тун өвөрмөцөөр бичсэн байна. Энэ бүхэн бол монгол хүний сэтгэлгээний онцлог. Өглөө босоод малдаа гардаг монгол хүн "адуугаа тууна", "адуугаа исгэрч тогтооно", "морио зална", "салхи татуулан давхина" "болжмор жиргэхийг сонсоно" шүү дээ. Монгол хүний аж байдал, ахуй орчинтой нийцсэн эдгээр үг хэллэг нь худлаа хэлэхийг малтай зүйрлүүлсэн маш том сургамжтай хирнээ асуудал дэвшүүлсэн гүн ухааны хошигнол.

Амьдрал дээр бол худлаа хэлэхийг өдөр тутмын хар ярианд янз бүрээр хэлдэг. "Сүнсгүй гөрөх", " панаалдах", "дэлбэ авах", "ичихгүй ш..х" гээд олон янзаар хэлнэ. Зарим үг нь хүнд ойлгомжгүй байх боловч энэ нь хувь хүний өөрийнхөө хэлэх гэсэн зүйлийг уран сэтгэмжээр баяжуулан өгүүлж байгаа харилцааны наад захын эрхэм соёл юм. Эмэгтэй хүн дээр холбогдуулж "уйлуулах, уяраах, мэлмэрүүлэх, өөд нь татах" гэх мэт. Арай "зүрхий нь сугална", "амьдаар нь өвчинө", " дороо оруулна" гэж хэлээгүй байна. Мөнгөтэй хүнийг бол "судсыг нь барих", "сэгсрэх", " богино өмдтэй нь үлдээх", "хамраар нь шороо үмхүүлэх" гээд онцлог хэллэгтэй...

Сонгуулийн мөрийн хөтөлбөр гэж та асуув уу? Энэ ч ер нь ерэн таван хувь нь худлаа тууна шүү дээ. Арван мянган хүнийг Японы дэлхийд алдартай пүүсүүдэд ажиллуулна. Мянган хүүхдийг сумочин болгохоос нь зуу нь их аварга болно. Таван мянган хүнийг Америкт "аялуул"-на. Түүнээс гурван мянга нь "ногоон карт"-тай болно. Хорин мянган хүнийг Өмнөд Солонгост мэргэжлийн дагуу ажил олж өгнө. Цалингийн доод хэмжээ гурван мянган доллар байна. Төчнөөн мянган эмэгтэйг хангү эрстэй зуучилж, гэр бүл болгоно. Төдий хэмжээний оюутан Сөүлд суралцуулна... Та нар нээрээ итгээд байгаа юмуу? Сайхан "үлээж" байгааг ухаарахгүй байна гэж үү?...

Болиоч дээ, та нар минь. Сонгуульд нэр дэвшигчид үнэн ярьдаг гэж итгээд байна уу?... Хорин жил "тархийг чинь угаалаа"... Итгэсээр л байна уу?... Тэдний амалсанаар бол өдийд бид гэр хороололгүй бүгд өндөр харш, өргөө цайзад суучихсан, утаа шороогүй уужимхан амьсгалж явахгүй юү. Багтаж шингэхгүй баялагаа "бар" "арслан"-гуудад зараад, баяжиж хөгжчихсөн, банкны картаараа "байлдаж" тоглож яваа. Ой модон дундуур сармагчин шиг үсчиж харайгаад, оломгүй нуур цөөрөмд оцон шувуу шиг хөвж байх сан... Хаа байна тэр диваажин? Халх Монголын хаана байна?... Бодож сэтгээч...

Харин би та нарт аз жаргалын алтан түлхүүрийг бэлэглэж чадна. Би та нарт бэлэн мөнгө амлахгүй. Бэлэг сэлт өгнө гэж ёстой горьдсоны гарз. Дардан зам, далан шуудуу барьж өгөхгүй. Даавуу шуувуу өгч онгорхой цоорхойг чинь нөхөхгүй. Гүрж цайгаар худалдаж авахгүй. Гүрвэл шиг мултарч сүүлээ шарвахгүй. Архи тамхиар хордуулахгүй. Алт алмаазаар хулдахгүй. Баасны харууд шиг худлаа бүлтрэхгүй. Баян болгоно гэж хоосон исгэрэхгүй. Та бүхэн надад итгээрэй. Та бүхний санаа зорилгыг би засаг төрд аваачиж илтгэнэ. Ард түмэн ингэж байна, ардчилал хэрэгтэй гэж байна, амьдралаа дээшлүүлье гэж хүсэж байна. Та нар ард түмний буяныг, эх орны хөрөнгийг "идэж уух"-аа боль. Өгөх ёстойгий нь өг. Өргөмжлөх ёстойгий нь өргөмжил. Би ард түмний "хүү" байна. Авлигчидаа надаас айцгаа. Би та нарын завхарсан хуулиудын чинь төлөө гараа өргөхгүй. Би ард түмнийхээ төлөө Их хуралд суусан хүн гэж үзэлцэнэ.

Зодуулж ч магадгүй. Золигт гарч ч магадгүй. Гэхдээ би юунаас ч айхгүй. Яагаад гэвэл би сонгогчид та бүхнийхээ итгэлийг дааж, эх орныхоо төлөө үүрэг ухамсраа ойлгосон тэргүүний хүн Улсын Их Хурлын гишүүн шүү дээ. Надаас бусад далан тав нь худалч болохоос би биш шүү. Би та нарын төлөө явна. Эцсээ хүртэл явна. Далан таван худалч намайг бүгдээрээ нийлээд засгийн газрын ордны орой дээрээс шидсэн ч би үхтлээ та бүхний төлөө Ард Аюуш шиг тэмцэж, Аюуш баатар шиг цээжээрээ та нарыг хамгаална... Та бүхэн надад ар гэр, авгай хүүхэд, амьдралаас минь үнэтэй шүү... " гэхэд алга нижигнэтэл ташдаг юм.

Ам гэдэг ийм л хүчтэй эрхтэн шүү дээ. Аттилаг та нар аймшиггүй зоригтойдоо улс гүрнээ удирдсан гэж андууравз. Ам... ам... ганцхан амны "авъяас"... Арслан бар шиг "ам" нь ард түмнийхээ аугаа удирдагч болгосон юм. Аттила шивэгчин эмийн гараас хортой дарс уугаад чадхийхэд Аугаа Ромын эзэнт улсыг өмдөнд нь сур харвуулсан улс гүрэн нь мөхсөн...Мянган цэргээр ялдаггүй мяндсан ухаанаар ялдаг гэж энэ.

Сүүлийн үед би илтгэх урлагын талаар хэд хэдэн ном бичлээ. Ер нь дажгүй шүү. Марксын ботиос илүү олон тоогоор хэвлэгдэж борлогдлоо. "Ам бүхнийг бүтээнэ. Ам бүхнийг сөнөөнө" гэдэг ном маань олон орны улс төрчдийн гарын лавлах боллоо. Америкийн ерөнхийлөгчийн урьдчилсан сонгууль болж байгаатай холбогдуулан "архаг" улс төрчийн хувьд " Обама чамайг байхгүй гээд Америк сөнөхгүй" гэдэг товхимол бичсэнийг минь түүний өрсөлдөгчид таатай хүлээн авсан.

Хэрэв Обама намайг хүндэтгээд Вашингтонд оройн зоогонд уривал хэлж зөвлөх юм уураг тархиар минь дүүрэн л байна. Ур ухаан, улс төрчийн туршлага маань амнаас минь могойн хэл шиг булталздаг болохоор Ардчилсан байтугай Бүгд Найрамдах намынханд "идүүлэх хорт бялуу" араанаас шүлсээ гоожуулаад байж байгаа... Гаднаас туслах охин орж ирлээ. Энэ удаа Америкынх биш л дээ, манай АН-хан МАН-ыг маргаашийн чуулган дээр "ам"-аараа жаахан "зодож" өгөөч гэж гуйхаар хэн нэгнийг явуулсан нь гарцаагүй...

Багваахай цэцгийн навчны сала

Орц:
100г багваахай цэцгийн навч,
50г ногоон сонгино,
25г яншуй,
15г ургамлын тос,
1ш чанасан өндөг, хийх хэмжээгээрээ давс, уксус, перец, ногоон гоньд бэлдэнэ.

Бэлтгэх арга: Багваахай цэцгийн навчаа давстай усанд 30 минут байлгаж дараа нь үрүүлэнд үрж, жижиглэнэ.

Харин яншуй, ногоон сонгиноо хэрчээд багваахай цэцгийн навчтайгаа хольж дээрээс нь ургамлын тос, давс, уксусаа хийж хутгана. Хамгийн сүүлд нь чанасан өндгөө хэрчиж хажуугаар нь чимнэ.

Москвагийн хүрэн шөл

Алдарт Москвагийн хүрэн шөлийг хийх их амархан. Гол нь сэтгэл, уран фантааз байх хэрэгтэй.

Орц:
- Мах-100гр
- Гахайн утсан мах-100гр
- Зайдас-90гр
- Хүрэн манжин-200гр
- Байцаа -200гр
- Лууван-80гр
- Гурил-20гр
- Улаан лоолийн нухаш-70гр
- Яншуй, цуу, повоор зэрэг амтлагч орно.

Бэлтгэх арга:
Хүрэн манжин, шар лууван, яншуй, сонгино, байцаагаа дэрс шиг нарийхан, гахайн утсан махаа хавтгай, зайдсаа дугуй хэрчинэ. Аль болох нимгэн хэрчвэл илүү амтлаг болох юм шүү. Бэлтгээд тавьчихсан шар лууван, яншуй, сонгиноо ургамлын тосонд хуурна. Харин хүрэн манжингаа үрүүлдээд улаан лоолийн нухашны хамт тосонд бэлтгэнэ. (жигнэнэ)

Шөл бэлтгэх:
Махаа чанаж сайхан шөл гаргаарай. Шөлөө тусад нь саванд хийгээд буцалга. Буцлаад ирэхэд нь байцаа болон хуурч, жигнэсэн ногоогоо нэмэх хэрэгтэй. Шөлөө жаахан өтгөрүүлэхийн тулд ялимгүй хуурсан гурил хийж хутга. Байцаа болоод ирэхээрээ зэрэг л шөл бэлэн болно. 15 орчим минут буцалгахад л хангалттай. Шөлөндөө амтлагч (давс, повоор...) хийхээ мартуузай. Шөл бэлэн боллоо. Таваглахдаа бэлтгэсэн гахайн утсан мах, зайдас, чанасан махнаасаа нэмээрэй. Жаахан зөөхий дусаачих юм бол салахын аргагүй амтлаг болох бий. Үхрийн өөх багатай мах илүү тохирно.

Загасыг хэдий чинээ бага усанд чанана төдий чинээ амттай болно

-Тахианы махыг шарахын өмнө өтгөн зөөхийгөөр арчвал сайхан амт, өнгөтэй болно. Мөн нимбэгний шүүс нэмж дусаавал амт нь сайжирна.

-Загасыг хэдий чинээ бага усанд чанана төдий чинээ амтлаг болно. Давстай хүйтэн усаар угаавал хурц үнэр нь арилна.

-Загасны махыг шарахдаа шарах махаа сүүнд хэсэг байлгаад гурилд хөрвүүлж, давс болон повоор үрж шарвал амтлаг болно.

-Арилгасан ногоог хүйтэн усанд удаан байлгах нь витаминлаг чанарыг нь алдагдуулдаг учраас арилгасан даруйдаа хэрэглэх хэрэгтэй.

-Ногоог ус юм уу сүүнд чанаж болгоно. Усанд чанаж болгоход шимт бодисууд нь чанасан шүүсэнд шингэнэ. Ууранд жигнэж болговол тэжээллэг чанараа хамгийн бага алддаг гэнэ.

-Хүрэн манжингийн будаг нь усанд идэвхитэй уусаж, харин тосонд уусдаггүй байна. Салат хийж байх үедээ чанаж болгосон хүрэн манжингийн будгийг бусад ногоонд шингээхгүй байя гэвэл тусад нь самрын тосонд хутгаад үзээрэй.

-Загасыг цэвэрлэхийн өмнө цууны уусмалаар арчаад хэдэн минут байлгавал хайрс нь хялбар хуулагдана.

-Хөргөгчний эвгүй үнэрийг арилгая гэвэл орой унтахдаа нимгэхэн хэрчсэн хэд хэдэн зүсэм хар талхыг хөргөгчнийхөө давхар бүрт тавиад хонуулахад өглөө эвгүй үнэр нь арилсан байх болно. Туршаад үзээрэй.

Солонгос хоол хийж сурцгаая: Үхрийн махан Калбижим

Орц:
-Үхрийн ястай мах 500 гр
-Лууван, төмс, цагаан манжин, улаан чавга, мөөг гэх мэт хачирлах ногоо хүссэн хэмжээгээрээ
-Солонгос цуу 5 халбага
-Элсэн чихэр /шингэн/ 3 халбага
-Нухсан сармис 2 халбага
-Чамгирим буюу гүнжидийн тос 1 халбага
-Гучүгару тал халбага

Хийх арга:
Жижиглэн хуваасан үхрийн хавиргаа нэг цаг зөөлөн гал дээр чанана. Ингэхдээ удаан буцлаад ирэхлээр хөөсөрдөг болохоор хөөсийг нь авах хэрэгтэй. Махаа чанасныхаа дараа усаа нэлээн хасаад дээр нь махтайгаа хачирлах зүйлсээ өөрсдөө сонгоно. Лууван, төмс, цагаан манжин, улаан чавгаа томовтор хэрчээд махан дээрээ хийгээд дээрээс нь амтлагчуудаа /солонгос цуу 5 халбага, элсэн чихэр /шингэн/ 3 халбага, нухсан сармис 2 халбага, чамгирим буюу гүнжидийн тос 1 халбага, гучүгару тал халбага мөн лийрний шүүс тал халбага хийвэл бүр ч амттай болно/ холин ширгэтэл нь буцалгана. Болох дөхөөд ирэхдээ бараг шөлгүй болсон байх ёстойг анхаараарай. Ингээд л үхрийн махан калбижим бэлэн болно. Эзэгтэй нар маань өнөө орой ямар хоол хийхээ шийдсэн гэдэгт итгэлтэй байна. Амжилт хүсье.

Гадил зөгийн балны smoothie

Орц: /2 хүн/
-Гадил 1 ширхэг
-Зөгийн бал 2 хоолны халбага
-Самрын тос 2 хоолны халбага
-Мөс 500 гр
-Зөөхий 280 мл

Хийх арга:
Гадил, зөгийн бал, самрын тосоо миксерт хийж 30 секунд орчим болгоно. Үүний дараагаар зөөхий болон мөсөө хийж сайтар миксердэнэ. Ингэхдээ мөсөө ямар ч ширхэггүй болгох хэрэгтэй. Сайтар миксердэхэд яг л тараг шиг өтгөн болох ёстой. Ингээд л аягалаад болох нь тэр. Аягалахдаа өөрт таалагдсан жимсээр чимэглэж болно.

Халуун ногоотой хонины элэг

Орц:
-Хонины элэг 300 гр
-Улаан чинжүү 15 гр
-Ногоон чинжүү 15 гр
-Давс 3 гр
-Хоол амтлагч 2 гр  
-Ургамлын тос 20 гр

Хийх арга:
Хонины элгээ чанаж болгосны дараа хэсэглэн хэрчинэ. Мөн улаан, ногоон чинжүүгээ угааж цэвэрлээд хэсэглэн хэрчинэ. Хэрчиж бэлэн болгосон элэг болон чинжүүн дээрээ амтлагч болон тос хийгээд таны өмнө амттай халуун ногоотой элэг бэлэн болно.

Хөгшрөлтийг удаашруулдаг хүнсний ногоо

Мөөг
Хүнсэнд хэрэглэх мөөгний төрлүүдэд дээд уураг, холестерол багатай цардуул, өөх болон чихэр багатай, хүнсний целлюлоз, мулти амин хүчил болон эрдэс бодис ихтэй байдаг. Мөөг нь чөлөөт радикалыг сааруулж, хөгшрөлтийн процессийг удаашруулдаг байна.

Лооль
Хүн өдөр бүр хүнсэндээ 50-100гр шинэ соргог улаан лооль хэрэглэснээр хүний биеийн хэрэгцээт аминдэм болон тэжээлээ хангадаг. Мөн алимны хүчил, лимоны хүчил болон чихрийн төрөл агуулдаг учир хоолны шингэлтэнд тустай.

Жүрж
Маш олон төрлийн жимснүүдээс жүрж нь исгэлэн амттай жимсний тоонд орж С амин дэм агуулж байдаг. Жүрж нь чөлөөт радикал, муу эсийг сааруулж, хөгшрөлтөөс сэргийлдэг, мөн муудахаас сэргийлэх бэлдмэлтэй азотын хүчлийн давс болон азотын хүчлийн натри өөрчлөгдөн хорт хавдар үүсгэх бодис үүсэхээс хамгаалдаг. Хорт хавдраар өвчилсөн хүнийг хамгаалахад ихээхэн тустай, ялангуяа ходоодны болон хоол боловсруулах эрхтний хорт хавдарт сайн. Мөн зүрхний эрүүл байдлыг хамгаалдаг.

Байцаа
Байцаа үл исэлдүүлэгч агуулж байдгаараа эмэгтэй хүний биеийн чөлөөт радикал буурч хөгшрөлтийг сааруулдаг.

Шар буурцаг
Шар буурцгийн үнэ хямд үйлчилгээ өндөр, шар буурцагт изофлавин агуулж эстроген гормоныг боловсруулахын хамт цус багадалтыг сааруулан, зүрхийг хамгаалж хөхний хорт хавдар ясны сийрэгжилтээс урьдчилан сэргийлж хөгшрөлтийг удаашруулна.

Улаан лууван
Улаан лууван их хэмжээний целлолоз, В витамин, кали, магни зэрэг ходоод гэдэсийг цэвэрлэхэд нөлөө үзүүлэхийн хамт өтгөн хатах болон батга үүсэхээс найдвартай хамгаалдаг гэж судлаачид үзэж байна.

зөвөлгөө

-Сүүлийн үед хүмүүс хүчил төрөгчийн коктейль их уудаг болжээ. Энэ коктейль биед ямар ач холбогдолтой болохыг хэлж өгөөч? Налайх дүүргийн иргэн Р.Орхонтуул -Хүчилтөрөгчийг тусгай аргаар хүчил төрөгчийн баллонтой холбож, энэ коктейлийг хийдэг юм. Зарим хүн үүнийг зүгээр л нэг хөөс уугаад байна гэж ойлгодог. Энэ буруу, хүчилтөрөгчийн коктейль бол цэвэр хүчилтөрөгч ууж байна гэсэн үг.

Хүчилтөрөгчийн хөөсийг том, томоор нь халбагдаад иддэг. Энэ үед хүчилтөрөгч ходоодноос цусанд шингээд, тархинд очиж тардаг.

Хүчилтөрөгчийн коктейлийг архаг өвчний үед, биеийн дархлаа суларч, ядарсан үед, мөн хүүхэд болон настай хүмүүс ялангуяа жирэмсэн эмэгтэйчүүд ууж хэрэглэхэд тохиромжтой.

Энэ коктейлийг эмийн сан болон сувилал, улсын болон хувийн эмнэлгүүдэд худалдаалдаг. Тиймээс эрүүл мэнддээ анхаардаг, уушгиа эрүүлжүүлэхийг хүсч байгаа хүн бүхэн үүнийг авч уухыг зөвлөж байна.

УКТЭ-ийн Сэргээн засах клиникийн их эмч, АУ-ны магистр Д.Буяндэлгэр /Зууны мэдээ/

зөвөлгөө

Нимбэг: Даарч хөрсөн үед амин дэм өгдөг. Мөн гэдэс дүүрэх ба өвдөх үед хэрэглэж болно. Шинэхэн шахсан нимбэгний шүүсийг усаар шингэлээд бага зэрэг зөгийн балаар амтална. Бас бага зэрэг чихэрлэг, бүлээн нимбэгний ундаагаар 2-3 цаг тутамд нэг удаа хоолойг нь зайлж болно.

Лууван:
Шулуун гэдэсний цагаан хорхойны шинж тэмдгийг илрүүлдэг. Хүүхдэдээ 2-3 хоногийн турш түүхий лууванг үрж шүүсийг уулгах буюу жижигхэн хэрчиж идүүлнэ. Лууванд агуулагддаг эфирийн тос нь нянгийн эсрэг үйлчилдэг. Шинэхэн шахсан луувангийн шүүсийг тэр дор нь уух хэрэгтэй.

Цагаан гаа: Дотор муухайрч бөөлжих үед хатаасан цагаан гааг сайн зажилж болохоос гадна нэг аяга халуун усанд хийж 10 минут байлгаад ууна. Эсвэл нэг цайны халбага хатаасан цагаан гааны үйрмэгийг том аягатай буцалсан усанд хийгээд ууж болно.

Цуу: Халуунтай үед халуун бууруулна. Гурван литр орчим хэмжээтэй, тасалгааны хэмтэй усанд 1-2 хоолны халбага цуу хийнэ. Бэлдсэн шингэндээ хүүхдийнхээ оймсыг
дүрж мушгиад өмсүүлнэ. Энэ үед хүүхдийг дааруулж болохгүй тул сайн хучаарай. Гэхдээ хүүхэд даарч чичирч байвал энэ аргыг хэрэглэж болохгүй.

Чавга: Өтгөн хатах үед /3-аас дээш насны хүүхдэд/ хүүхдийн наснаас шалтгаалж 2-3 ширхэг чавгыг буцалсан усанд дэвтээж хонуулаад өглөөний ундны өмнө өгөөрэй.

Зөгийн бал:
Нэгээс дээш насны хүүхдэд 1-2 цайны халбага зөгийн балыг дөрөвний нэг литр бүлээн усанд хийж сайн хутгаад тэр дор нь уулгавал нэн сайн.
-Танин мэдэхүй-

Хоолны дур хүсэл зөвхөн өлсөх үед оргилдоггүй аж. Хүн өлсөөгүй үедээ ч ямар нэгэн зүйл идэхийн хүсч л байдаг шүү дээ. Байнга зогсолтгүй хооллосноор хэт тарган болдог. Тиймээс хэт тарган хүмүүсийн хоол идэх дур хүсэл бусдынхаас илүү.

Лондонгийн их сургууль, коллежийн мэргэжилтнүүд хэт таргалалтын шалтгааныг олохын тулд нэгэн судалгаа хийхээр зорьжээ. Хийсэн судалгаагаар хоолны дур хүсэл нь тархитай шууд холбоотой гэдгийг тодорхойлсон байна.

Хүн ямар нэгэн зүйлийг идэхийг хүсэх үед тархинд дохио өгснөөр хоол идэх хүсэл төрдөг гэнэ. Харин тархинд уг зүйл яг бодит мэт харагдах тохиолдолд хоолны дур тэр хэмжээгээрээ нэмэгддэг аж.

Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар эл судалгааны үр дүн хэт тарган хүмүүсийн эмчилгээнд чухал ач холбогдолтой юм. Судлаачид өмнөх шинжилгээндээ хоолноос авсан илчлэг нь хэмжээнээсээ шалтгаалаад нарийн гэдэснээс цусны хангамж уруу "РҮҮ" хэмээх гармон шахдаг болохыг тогтоожээ. Энэ гармон нь хоолны дурыг бий болгодог гол хүчин зүйл юм. "РҮҮ" гармон тархинд ямар нөлөө үзүүлдэг болохыг судалсан эл судалгаанд тархины урд хэсэгт байрлах тархины хальс хүний дур болон сэтгэл ханамжийн үйл ажиллагааг удирддаг нь тогтоогджээ. Түүнчлэн хоолны дур хүслийг энэ төвөөс удирддаг байна.

Судалгаанд сайн дураараа хамрагдсан иргэдийн хэр хэмжээний хүнс хэрэглэхийг эл тархины тусламжаар урьдаас мэдэж чадсан аж. Одоогийн байдлаар "РҮҮ" хэмээх гармоныг агуулсан хамрын цацагч бүтээгдэхүүн хоолны дур хүсэл төрүүлэгч болж чадах, үгүйг судалж байна.
Дэлхийн хүн амын зөвхөн дөрөвний нэг нь цагаан хоолтон болбол ертөнц сүйрлээс аврагдах гэнэ. Цагаан хоолтнууд ойрын хугацаанд нүүрлэнэ гэж таамаглагдаж буй дэлхий сөнөх шалтгааныг махтай холбож тайлбарладаг. Учир нь мал, амьтныг их хэмжээгээр хөнөөж байгаагаас экологийн тэнцвэр алдагдсан гэнэ. Амь тавьж буй адгуус асар их хонзон тээдэг учраас зовж үхсэн малын зовлогоор хооллосон хүн догширдог гэх нь бий. Иймд махан идэштэй хүн үргэлж нүгэл хураадаг болж таарах нь. Мах бол түмэн бодисын хамгийн хортой нь гэгддэг ч Монгол хүн махан хоолыг хориглож сүүн хоолоор дагнаж чадах болов уу.

Эрт цагт Монголчууд 3000 төрлийн хоолтой байжээ. Гэтэл одоо 30 гаруй төрлийн хоол л үлджээ. Тухайлбал, хамгийн хурдан болдог, бага орцтой, хордлого тайлах үйлчилгээтэй "алтан медальт" бантан. Түүнчлэн, ус хэрэглэхгүйгээр махыг шүүсэнд нь дэвтээж халуун чулуунд жигнэн арьсанд нь битүү болгодог боодог. Махан хоолыг бүхэл махан, дотор махан, таван цулын, холимог гэж ангилдаг тул үүнээс хамаарч Монгол хоолны төрөл өөрчлөгддөг. Хорхог, хуйхалсан хонины толгой, арилгасан гэдэс, хярамцаг, цус цутгасан гэдэс, таван цулын шөл, гүзээний ороомог, борцтой хоол гэх мэт. Зуны улиралд Монголчууд шингэц удаантай махан хоолноос татгалзаж хоол боловсруулах эрхтний ажиллагааг сайжруулах цагаан идээ хэрэглэдэг.

Айраг, тараг, сүү, аарц, ааруул, зөөхий, шар тос, цөцгий, ээзгий, ээдэм, өрөм, бяслаг нь эрүүл мэндэд хичнээн тустай билээ. Хонины сүү бөөрний өвчинд, ямааны сүү ходоод, бөөрний үрэвсэлд, гүүний саам сүрьеэ өвчинд сайн бол ингэний сүү зүрхний өвчинд эм болдог. Хуушуур, бууз, будаатай хуурга, мантуун бууз, гурилтай шөл, цуйван зэрэг нь Хятадаас Монголд "цагаачилсан" хоол. Манай оронд тархсан Европ хоолнуудын ихэнх нь нэг хэвийндээ. Монголчуудад хоол зохиогоод суух завтай үе байгаагүй. Гэхдээ л, зочин ирвэл хоолойг нь давах хоол хийж, хол явах нэгэндээ урт хугацаанд муудахгүй хүнс бэлдээд өгөх уламжлалт арга барилтай ард түмэн.

Гадныхан биднийг "Та нараас өмхий үнэртдэг" гэж ярилцдаг нь талаар бус байж таарна. Мах хурц, эхүүн үнэр гаргадаг хэрэг л дээ. Бид шавьжаар хооллодоггүй учраас тэдэнд анги үнэртэхээс яалтай. Монголчууд өлбөрч үхэхийн ирмэгт тулсан ч арзагнаж байгаа амьд хар хорхой хайрч идэхгүй дээ. Хүннү, Сүннүгийн үеэс монголчууд махан идэштэн болсон гэх түүхийн улбаа бий. Яг л араатан шиг ойлгогдож болох юм. Цаашлаад, Их эзэнт гүрний үед Монгол цэргүүд аравт, зуут, мянгатын системд зохион байгуулагдаж сар, жилээр дайтаж явахдаа хоол хүнснийхээ хангалтад нарийн арга боловсруулж амь зуулгатай амьдарч байсныг түүх гэрчилнэ. Гөрөөчлөн авласан ангинн махаа зузаан, зуйван хэрчиж хэлхээд мориныхоо толгойг ороон хөлсийг савиртал давхина.

Ийнхүү салхины эрчээр мах нь борц болдог байв. Дашрамд дурдахад махыг шуузлах, борцлох монгол технологийг хилийн чанад дахь орнууд сүрхий дуурайсан байдаг бөгөөд үнэтэй хоолны тоонд багтдаг. Халх голын дайны үед арын албанд үлдсэн эмэгтэйчүүд Орос ах нарын хоолыг хариуцдаг байжээ. Орос дайчдын халаас бүрт ааруул, шар тос хийгээд явуулдаг байсан гэнэ. Дайчид дайны ширүүн галд амьд үлдэхэд нь мөнөөх ааруул тос үлэмжхэн нэмэр болсон гэнэ лээ. Маршал Г.К.Жуков, "Бид ааруулаа мэрээд, шар тосоо ходоод руугаа гулгуулахад өдөржин огт өлсөхгүй, даарах ч үгүй, хичнээн хүчтэй байдаг байсан гэж санана" гэж "Дуртгал бодол" номдоо бичсэн нь бий.

Өнгөрсөн зун Монгол нутгаар аялсан Польш гэр бүл нэгэн айлд зочилж үдийн хоол зооглохоор болжээ. Гэрийн эзэн хонь төхөөрөхөөр зэхэхэд их л сонирхон харсан Польш эмэгтэй тэр дороо огиулан, хүү нь ухаан алдаж, нөхрийнх нь нүд "орой дээрээ гарах" шахсан гэнэ лээ. Хэрхэн хоол хийдгийг мэддэггүй атал харчихаараа огиод байдаг, тэгсэн мөртөө таатайхан зооглоод суудаг сонин улс байж шүү.