Thursday, November 15, 2012

Дэлхийн хүн амын зөвхөн дөрөвний нэг нь цагаан хоолтон болбол ертөнц сүйрлээс аврагдах гэнэ. Цагаан хоолтнууд ойрын хугацаанд нүүрлэнэ гэж таамаглагдаж буй дэлхий сөнөх шалтгааныг махтай холбож тайлбарладаг. Учир нь мал, амьтныг их хэмжээгээр хөнөөж байгаагаас экологийн тэнцвэр алдагдсан гэнэ. Амь тавьж буй адгуус асар их хонзон тээдэг учраас зовж үхсэн малын зовлогоор хооллосон хүн догширдог гэх нь бий. Иймд махан идэштэй хүн үргэлж нүгэл хураадаг болж таарах нь. Мах бол түмэн бодисын хамгийн хортой нь гэгддэг ч Монгол хүн махан хоолыг хориглож сүүн хоолоор дагнаж чадах болов уу.

Эрт цагт Монголчууд 3000 төрлийн хоолтой байжээ. Гэтэл одоо 30 гаруй төрлийн хоол л үлджээ. Тухайлбал, хамгийн хурдан болдог, бага орцтой, хордлого тайлах үйлчилгээтэй "алтан медальт" бантан. Түүнчлэн, ус хэрэглэхгүйгээр махыг шүүсэнд нь дэвтээж халуун чулуунд жигнэн арьсанд нь битүү болгодог боодог. Махан хоолыг бүхэл махан, дотор махан, таван цулын, холимог гэж ангилдаг тул үүнээс хамаарч Монгол хоолны төрөл өөрчлөгддөг. Хорхог, хуйхалсан хонины толгой, арилгасан гэдэс, хярамцаг, цус цутгасан гэдэс, таван цулын шөл, гүзээний ороомог, борцтой хоол гэх мэт. Зуны улиралд Монголчууд шингэц удаантай махан хоолноос татгалзаж хоол боловсруулах эрхтний ажиллагааг сайжруулах цагаан идээ хэрэглэдэг.

Айраг, тараг, сүү, аарц, ааруул, зөөхий, шар тос, цөцгий, ээзгий, ээдэм, өрөм, бяслаг нь эрүүл мэндэд хичнээн тустай билээ. Хонины сүү бөөрний өвчинд, ямааны сүү ходоод, бөөрний үрэвсэлд, гүүний саам сүрьеэ өвчинд сайн бол ингэний сүү зүрхний өвчинд эм болдог. Хуушуур, бууз, будаатай хуурга, мантуун бууз, гурилтай шөл, цуйван зэрэг нь Хятадаас Монголд "цагаачилсан" хоол. Манай оронд тархсан Европ хоолнуудын ихэнх нь нэг хэвийндээ. Монголчуудад хоол зохиогоод суух завтай үе байгаагүй. Гэхдээ л, зочин ирвэл хоолойг нь давах хоол хийж, хол явах нэгэндээ урт хугацаанд муудахгүй хүнс бэлдээд өгөх уламжлалт арга барилтай ард түмэн.

Гадныхан биднийг "Та нараас өмхий үнэртдэг" гэж ярилцдаг нь талаар бус байж таарна. Мах хурц, эхүүн үнэр гаргадаг хэрэг л дээ. Бид шавьжаар хооллодоггүй учраас тэдэнд анги үнэртэхээс яалтай. Монголчууд өлбөрч үхэхийн ирмэгт тулсан ч арзагнаж байгаа амьд хар хорхой хайрч идэхгүй дээ. Хүннү, Сүннүгийн үеэс монголчууд махан идэштэн болсон гэх түүхийн улбаа бий. Яг л араатан шиг ойлгогдож болох юм. Цаашлаад, Их эзэнт гүрний үед Монгол цэргүүд аравт, зуут, мянгатын системд зохион байгуулагдаж сар, жилээр дайтаж явахдаа хоол хүнснийхээ хангалтад нарийн арга боловсруулж амь зуулгатай амьдарч байсныг түүх гэрчилнэ. Гөрөөчлөн авласан ангинн махаа зузаан, зуйван хэрчиж хэлхээд мориныхоо толгойг ороон хөлсийг савиртал давхина.

Ийнхүү салхины эрчээр мах нь борц болдог байв. Дашрамд дурдахад махыг шуузлах, борцлох монгол технологийг хилийн чанад дахь орнууд сүрхий дуурайсан байдаг бөгөөд үнэтэй хоолны тоонд багтдаг. Халх голын дайны үед арын албанд үлдсэн эмэгтэйчүүд Орос ах нарын хоолыг хариуцдаг байжээ. Орос дайчдын халаас бүрт ааруул, шар тос хийгээд явуулдаг байсан гэнэ. Дайчид дайны ширүүн галд амьд үлдэхэд нь мөнөөх ааруул тос үлэмжхэн нэмэр болсон гэнэ лээ. Маршал Г.К.Жуков, "Бид ааруулаа мэрээд, шар тосоо ходоод руугаа гулгуулахад өдөржин огт өлсөхгүй, даарах ч үгүй, хичнээн хүчтэй байдаг байсан гэж санана" гэж "Дуртгал бодол" номдоо бичсэн нь бий.

Өнгөрсөн зун Монгол нутгаар аялсан Польш гэр бүл нэгэн айлд зочилж үдийн хоол зооглохоор болжээ. Гэрийн эзэн хонь төхөөрөхөөр зэхэхэд их л сонирхон харсан Польш эмэгтэй тэр дороо огиулан, хүү нь ухаан алдаж, нөхрийнх нь нүд "орой дээрээ гарах" шахсан гэнэ лээ. Хэрхэн хоол хийдгийг мэддэггүй атал харчихаараа огиод байдаг, тэгсэн мөртөө таатайхан зооглоод суудаг сонин улс байж шүү.

No comments:

Post a Comment