Thursday, November 15, 2012

Ам /Шог өгүүллэг/

Ам /Шог өгүүллэг/
Арван удаа Их Хурлын гишүүн болж чадсан надтай дүйцэх супер худалчыг та нар олох уу? Манай гариг дээр л лав байхгүй. Завсарлагагүй арван удаа... Бөхөөр бол "босоо" бөх юмуу даа?... Бат-Эрдэнэ, Баянмөнх аваргууд булчин шөрмөсөөрөө аварга болсон бол би гагцхүү "ам"-аараа л аварга болсон байгаа юм... Хүүхэд байхад минь "Дарваан" гэж дууддаг байсан энэ даравгар амны буян ихтэйг ээ... Амныхаа хэмжээгээр яйжигнана шүү дээ.

"Хүндэт сонгогчид оо. Асуух асуулт байна уу? "Асуух самбар. Нет" гэдэг шиг асуусан асуулт болгонд чинь шударга үнэнээр хариулъя. Та нар намайг монгол хэлний амьд толь гэж бод... Юу гэнээ та? Худлаа битгий хэл гэнээ... Худлаа хэлэхийг молигодох гэж бас хэлж болно. Монгол хэл чинь маш баян хэл шүү дээ. "Энэ нөхөр сайхан залж байна даа" гэж Я. Цэвэл гуай өгүүлбэрээр жишээ татаад тайлбарласан байдаг. Лувсанвандан гуай "тууж өгч байна" гэсэн байна. Эрдэмтэн зохиолч Б. Ринчин " адуучин шиг исгэрэх" гэж зохиолдоо бичжээ. Лодойдамба болохоор "салхи татуулах" гэж сайхан хэлжээ. Г.Аким "Өвөрмөц хэллэг"-ийн номондоо " болжмор жиргэнэ" гэж тун өвөрмөцөөр бичсэн байна. Энэ бүхэн бол монгол хүний сэтгэлгээний онцлог. Өглөө босоод малдаа гардаг монгол хүн "адуугаа тууна", "адуугаа исгэрч тогтооно", "морио зална", "салхи татуулан давхина" "болжмор жиргэхийг сонсоно" шүү дээ. Монгол хүний аж байдал, ахуй орчинтой нийцсэн эдгээр үг хэллэг нь худлаа хэлэхийг малтай зүйрлүүлсэн маш том сургамжтай хирнээ асуудал дэвшүүлсэн гүн ухааны хошигнол.

Амьдрал дээр бол худлаа хэлэхийг өдөр тутмын хар ярианд янз бүрээр хэлдэг. "Сүнсгүй гөрөх", " панаалдах", "дэлбэ авах", "ичихгүй ш..х" гээд олон янзаар хэлнэ. Зарим үг нь хүнд ойлгомжгүй байх боловч энэ нь хувь хүний өөрийнхөө хэлэх гэсэн зүйлийг уран сэтгэмжээр баяжуулан өгүүлж байгаа харилцааны наад захын эрхэм соёл юм. Эмэгтэй хүн дээр холбогдуулж "уйлуулах, уяраах, мэлмэрүүлэх, өөд нь татах" гэх мэт. Арай "зүрхий нь сугална", "амьдаар нь өвчинө", " дороо оруулна" гэж хэлээгүй байна. Мөнгөтэй хүнийг бол "судсыг нь барих", "сэгсрэх", " богино өмдтэй нь үлдээх", "хамраар нь шороо үмхүүлэх" гээд онцлог хэллэгтэй...

Сонгуулийн мөрийн хөтөлбөр гэж та асуув уу? Энэ ч ер нь ерэн таван хувь нь худлаа тууна шүү дээ. Арван мянган хүнийг Японы дэлхийд алдартай пүүсүүдэд ажиллуулна. Мянган хүүхдийг сумочин болгохоос нь зуу нь их аварга болно. Таван мянган хүнийг Америкт "аялуул"-на. Түүнээс гурван мянга нь "ногоон карт"-тай болно. Хорин мянган хүнийг Өмнөд Солонгост мэргэжлийн дагуу ажил олж өгнө. Цалингийн доод хэмжээ гурван мянган доллар байна. Төчнөөн мянган эмэгтэйг хангү эрстэй зуучилж, гэр бүл болгоно. Төдий хэмжээний оюутан Сөүлд суралцуулна... Та нар нээрээ итгээд байгаа юмуу? Сайхан "үлээж" байгааг ухаарахгүй байна гэж үү?...

Болиоч дээ, та нар минь. Сонгуульд нэр дэвшигчид үнэн ярьдаг гэж итгээд байна уу?... Хорин жил "тархийг чинь угаалаа"... Итгэсээр л байна уу?... Тэдний амалсанаар бол өдийд бид гэр хороололгүй бүгд өндөр харш, өргөө цайзад суучихсан, утаа шороогүй уужимхан амьсгалж явахгүй юү. Багтаж шингэхгүй баялагаа "бар" "арслан"-гуудад зараад, баяжиж хөгжчихсөн, банкны картаараа "байлдаж" тоглож яваа. Ой модон дундуур сармагчин шиг үсчиж харайгаад, оломгүй нуур цөөрөмд оцон шувуу шиг хөвж байх сан... Хаа байна тэр диваажин? Халх Монголын хаана байна?... Бодож сэтгээч...

Харин би та нарт аз жаргалын алтан түлхүүрийг бэлэглэж чадна. Би та нарт бэлэн мөнгө амлахгүй. Бэлэг сэлт өгнө гэж ёстой горьдсоны гарз. Дардан зам, далан шуудуу барьж өгөхгүй. Даавуу шуувуу өгч онгорхой цоорхойг чинь нөхөхгүй. Гүрж цайгаар худалдаж авахгүй. Гүрвэл шиг мултарч сүүлээ шарвахгүй. Архи тамхиар хордуулахгүй. Алт алмаазаар хулдахгүй. Баасны харууд шиг худлаа бүлтрэхгүй. Баян болгоно гэж хоосон исгэрэхгүй. Та бүхэн надад итгээрэй. Та бүхний санаа зорилгыг би засаг төрд аваачиж илтгэнэ. Ард түмэн ингэж байна, ардчилал хэрэгтэй гэж байна, амьдралаа дээшлүүлье гэж хүсэж байна. Та нар ард түмний буяныг, эх орны хөрөнгийг "идэж уух"-аа боль. Өгөх ёстойгий нь өг. Өргөмжлөх ёстойгий нь өргөмжил. Би ард түмний "хүү" байна. Авлигчидаа надаас айцгаа. Би та нарын завхарсан хуулиудын чинь төлөө гараа өргөхгүй. Би ард түмнийхээ төлөө Их хуралд суусан хүн гэж үзэлцэнэ.

Зодуулж ч магадгүй. Золигт гарч ч магадгүй. Гэхдээ би юунаас ч айхгүй. Яагаад гэвэл би сонгогчид та бүхнийхээ итгэлийг дааж, эх орныхоо төлөө үүрэг ухамсраа ойлгосон тэргүүний хүн Улсын Их Хурлын гишүүн шүү дээ. Надаас бусад далан тав нь худалч болохоос би биш шүү. Би та нарын төлөө явна. Эцсээ хүртэл явна. Далан таван худалч намайг бүгдээрээ нийлээд засгийн газрын ордны орой дээрээс шидсэн ч би үхтлээ та бүхний төлөө Ард Аюуш шиг тэмцэж, Аюуш баатар шиг цээжээрээ та нарыг хамгаална... Та бүхэн надад ар гэр, авгай хүүхэд, амьдралаас минь үнэтэй шүү... " гэхэд алга нижигнэтэл ташдаг юм.

Ам гэдэг ийм л хүчтэй эрхтэн шүү дээ. Аттилаг та нар аймшиггүй зоригтойдоо улс гүрнээ удирдсан гэж андууравз. Ам... ам... ганцхан амны "авъяас"... Арслан бар шиг "ам" нь ард түмнийхээ аугаа удирдагч болгосон юм. Аттила шивэгчин эмийн гараас хортой дарс уугаад чадхийхэд Аугаа Ромын эзэнт улсыг өмдөнд нь сур харвуулсан улс гүрэн нь мөхсөн...Мянган цэргээр ялдаггүй мяндсан ухаанаар ялдаг гэж энэ.

Сүүлийн үед би илтгэх урлагын талаар хэд хэдэн ном бичлээ. Ер нь дажгүй шүү. Марксын ботиос илүү олон тоогоор хэвлэгдэж борлогдлоо. "Ам бүхнийг бүтээнэ. Ам бүхнийг сөнөөнө" гэдэг ном маань олон орны улс төрчдийн гарын лавлах боллоо. Америкийн ерөнхийлөгчийн урьдчилсан сонгууль болж байгаатай холбогдуулан "архаг" улс төрчийн хувьд " Обама чамайг байхгүй гээд Америк сөнөхгүй" гэдэг товхимол бичсэнийг минь түүний өрсөлдөгчид таатай хүлээн авсан.

Хэрэв Обама намайг хүндэтгээд Вашингтонд оройн зоогонд уривал хэлж зөвлөх юм уураг тархиар минь дүүрэн л байна. Ур ухаан, улс төрчийн туршлага маань амнаас минь могойн хэл шиг булталздаг болохоор Ардчилсан байтугай Бүгд Найрамдах намынханд "идүүлэх хорт бялуу" араанаас шүлсээ гоожуулаад байж байгаа... Гаднаас туслах охин орж ирлээ. Энэ удаа Америкынх биш л дээ, манай АН-хан МАН-ыг маргаашийн чуулган дээр "ам"-аараа жаахан "зодож" өгөөч гэж гуйхаар хэн нэгнийг явуулсан нь гарцаагүй...

No comments:

Post a Comment