Thursday, December 13, 2012

Тэнгэр баганадсан Токио хот

1923 оны есдүгээр сарын нэгэнд рихтерын шаталбараар есөн баллын хүчтэй газар хөдлөлт болсноор хотын тэн хагас нь нуранги болж, 90 гаруй мянган хүний амийг авч одсон түүхтэй. Энэ аймшигт үйл явдлын дараа хотыг бүхэлд нь дахин барьж, сэргээсэн. Гэтэл дэлхийн хоёрдугаар дайны үеэр дахин томоохон хохирол амсан агаарын цэргийн довтолгоонд өртөж, хот бүхэлдээ сүйдсэн ажээ. Гэсэн ч хот маш хурдацтайгаар сэргэж чадсан бөгөөд үүнийхээ баталгаа болгон 1964 онд зуны олимпийн наадмыг зохион байгуулснаар дэлхийн тавцанд гарч ирснээ зарласан юм. XX зууны дунд үед Японы эдийн засаг гайхалтай хурдацтайгаар хөгжиж нийслэл нь 1966 он гэхэд дэлхийд эдийн засгаараа хоёрт бичигдэх болов. Токио хотын үзэсгэлэнтэй үе нь сакура цэцэглэх улирал буюу хаврын эхэн сар байдаг. Энэ үед цэцгийн улирлыг угтан "Ханами" хэмээх баярыг тэмдэглэдэг уламжлалтай. Энэ цэцэгт модны 300 гаруй төрөл байдаг. Үүнээс Токио хотын төвд орших "Синдзюкугёэн" цэцэрлэгт хүрээлэнд 75 төрлийн 1500 гаруй сакура модыг тарьж, ургуулдаг байна. Токио хотод хамгийн том олон улсын "Ханеда" нисэх онгоцны буудал бий. Зорчигчдын тоогоороо дэлхийд дөрөвт ордог тус буудал нь хотын төвөөсөө 15 гаруй километрийн зайтай оршдог ажээ. Энэ хотын метро, станцууд цэвэр, цэмцгэр байдлаараа дэлхийд алдартай. Хамгийн үнэнч нохойны дурсгалд зориулан босгосон хөшөөтэй "Сибуйя" нь тус хотын хамгийн алдартай том метро станц юм. Тус метро станцаар өдөрт 10 сая хүн зорчдог байна. Галт тэрэг нь дотроо эрэгтэй, эмэгтэй хэмээн ангилдаг. Энэ нь олон нийтийн газар садар самуун сурталчилахаас сэргийлсэн арга ажээ. Мөн интернетэд холбогдох, тоглох, мессэж бичихийг анхаарал сарниулдаг тул олон нийтийн тээврээр зорчихдоо гар утас ашиглахыг хориглодог. Хамгийн сонирхолтой нь ажлын сүүлийн өдөр хүмүүст стрессээ тайлах боломжийг олгодог байна. Ингэхдээ метрон дотор зорчигчид орилж, архи ууж, тэр байтугай ханан дээр зурахыг зөвшөөрдөг аж. Хотын хөдөлгөөн ихтэй төв авто замуудад хөгжлийн бэрхшээлтэй, хараагүй хүмүүст зориулсан тод шар өнгийн тусгай замыг тавьжээ. Товойлгосон дүрсээр замын чиглэл, эргэлт болон зам гарах гэсэн тэмдэгтэй. Жуулчдын үзэж, харах сонирхлыг нь хамгийн ихээр татдаг зүйл бол Токио дахь хааны ордон юм. Энэхүү байгууламж нь таван давхраас бүрдэх 51 метрийн өндөртэй, Японы хамгийн өндөр байгууламжид тооцогддог. Ордон нь жил бүрийн нэгдүгээр улиралд хааны гэр бүл шинэ оны мэнд хүргэх, арван хоёрдугаар сарын 23-нд эзэн хааны төрсөн өдрийн ой баяраар гээд ердөө хоёр л удаа үүдээ нээдэг. Бусад үед хориотой бүс юм. Хаалттай байх хугацаанд тус ордон дээгүүр ямар нэгэн онгоц нисэхийг хориглохоос гадна ямар ч өндөр байгууламж дээрээс дуран авиагаар харах боломжгүй ажээ. Тус хот дахь гайхамшигт байгууламжийн нэг бол Токиогийн цамхаг. 1958 онд баригдсан энэ цамхаг нь Парист байдаг дэлхийн долоон гайхамшгийн нэгтэй адил боловч түүнээс 11 метрээр илүү өндөр аж. Энэхүү байгууламжийн дээрээс "Фүжи" хэмээх алдарт уулын манан дундах дүр зургийг харах боломжтой. Цамхаг дээрээс Японы есөн телевиз, FM радиогийн таван станцыг дамжуулдаг байна. Хэмжээгээрээ дэлхийд гуравт ордог 13 метрийн өндөртэй Будда бурхны хүрэл хөшөө нь Японы нийслэл хотын түүх, дурсгалт байгууламжийн нэг. Икэбукуро, Синжкжо нь хотын хамгийн үнэтэй дүүрэгт тооцогддог. Энэхүү дүүрэгт өдөр, шөнөгүй өрнөх амьдрал нь жинхэнэ орчин үеийн Токиогийн өнгө төрхийг илтгэнэ. Икэбукуро дүүргийн төвд орших "Саншайн сити" цогцолбор нь хот доторх бяцхан хот гэж хэлж болно. Тэнгэр баганадсан Токиогийн өндөр энэ байгууламжуудад зочид буудал, худалдааны төв, зоогийн газар, дэлгүүр хоршоо гээд л хэрэгцээтэй гэсэн бүхий л үйлчилгээг нэг дор бүрдүүлсэн байдаг. Энд дэлхийн хамгийн үнэтэй зоогийн газрууд бий. Үүний нэг болох "Арагава" нь фермээс авчирдаг гахайн махан хоолоороо алдартай ажээ. Токио нь аялал жуулчлалын томоохон хотуудын нэг. Иймээс жуулчдын тав тухаас гадна хотын соёлд ихээхэн анхаарч нийтийн бие засах газрыг үйлчилгээний цэгүүдэд үнэ төлбөргүй ажиллуулдаг байна. Токио нь олон саад бэрхшээлийг даван туулсан хэдий ч асар богино хугацаанд хурдацтай хөгжин, дэлхийн бусад хотуудыг тэргүүлэх болсон билээ.

No comments:

Post a Comment